Windows-оо Linux-ээр солиход бэлэн үү?

Windows-оо Linux-ээр солиход бэлэн үү?

Windows 11 дээр гоё, шинэ өөрчлөлтүүд орох болов уу гэсэн хүлээлттэй байсан тул Windows Update-ээр 11 орж ирэхийг хүлээж байлаа. Харамсалтай нь AMD Ryzen processor-ууд дээр алдаатай байсан тул Windows 11 маань тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Өнөөдөр хүртэл Windows 11 маань гарч ирээгүй л байна. Харин энэ хооронд эхнэрийнхээ компьютерийг 11 болгож авч амжсан юм.

11-ийг хэрэглэж үзлээ. MacOS, Linux 2-н холимог юм уу гэмээр сэтгэгдэл төрөв. Windows дээр ганц хийж заншсан right click + refresh товч маань алга болжээ. Бусад үйлдлийн системээс ялгарах ганц муу зуршил маань refresh-ийг байн байн дардагт байсан юм. Бас ойр зуурын copy, paste үйлдлүүд зүгээр icon болчихож. Windows 10 дээр гарч ирсэн шинэ Settings цэс огт таалагддаггүй юм. Том том бичигтэй, авцалдаагүй зайтай гэх мэт. За бас янз бүрийн хэрэгтэй тохиргоонууд нь хуучин Control Panel-руугаа үсэрдэг гэх мэт, нэг л дутуу хийгээд орхисон ажил шиг санагддаг. 11 дээр харин үүнийг арай сайжруулжээ. 11-н нэгэн том өөрчлөлт бол 10 дээр янз бүрийн icon, дүрсүүд ихэвчлэн 3 хэмжээсээр дүрслэгдсэн байдаг бол 11 дээр зүгээр л хавтгай болсон байх. Энгийн чамин мэт боловч, бас хэт их сэтгэлд буухаар сэтгэгдэл төрүүлсэнгүй. Гэхдээ Linux-ийг сонгох асуудал үүндээ байсангүй, тэртээ тэргүй би өөрийнхөө компьютер дээр 11 хэрэглэж чадахгүй юм чинь (ISO-гоор нь татаад болох л байсан л даа. Гэхдээ албан ёсны засвар нь гараагүй байхад дэмий биз..). Компьютер маань яг үнэндээ гацаад болдоггүй ээ. Ууг нь дөнгөж сар гаруйнханы өмнө авсан сүүлийн үеийн эд. Гэхдээ яагаад ч юм хааяа янз бүрийн алдааны бичиг гараад, driver-уудыг дахин дахин суулгах. Сүүлдээ тэрхүү алдаа нь Windows Update-ээр driver суулгаж болдогтой холбогдуулан хоёр driver зэрэг суугаад байгаагаас болсон гэдгийг олж мэдээд Windows update-ээр driver суулгахыг болиулаад засагдсан юм. Гэсэн ч үе үе гацах асуудал нь хэвээрээ үлдэв.

Би ч жилдээ нэг үйлдлийн системээ шинээр суулгадаг өвчтэй юм болохоороо форматлачихая л гэсэн бодол орж ирэв. Гэхдээ Windows 11-н засвар ортол жаахан тэсчихвэл шинэ хувилбарыг нь үзчихмээр байдаг.. Сэтгэл хоёрдож байгаад ер нь Линуксруу шилжвэл надад ямар саад бий билээ гэж эргэцүүлэв. Ойр зуурын хэрэгцээний Microsoft Office програм хангамжууд бол Google Drive байхад бараг болчихоор. Харин Outlook маань Линукс дээр байдаггүй нь жаахан харамсалтай. Мөн би ямар нэгэн Adobe Premiere, Photoshop эсвэл 3D Render хийдэг зэрэг янз бүрийн програмуудыг хэрэглэдэггүй тул ерөнхийдөө надад тулгараад байх саадгүй байв. Хааяа жаахан видео тоглоом тоглочихдог тул харин түүнээсээ салж магадгүй нь ээ. Steam дээрх тоглоомууд сүүлийн үед "native" support-той болсон тул Steam хэрэглэгчид бол санаа амар байж болно. Даанч би нь Steam огт хэрэглэдэггүй тул миний хувьд видео тоглоомтойгоо түрдээ уулзаж чадахааргүй болсон нь харамсалтай ч надад тэр нь бараг дээр биз дээ..

Эндээс хамгийн чухал асуулт гарч ирнэ. Яг ямар төрлийн Линукс хэрэглэх вэ? Энэ асуулт бол Линукс хэрэглэгчдийн хоорон дахь мөнхийн дайн тулааны гол сэдэв юм. Энэ нь ч дээр, тэр нь ч дээр гээд л.. Миний хувьд харин шийдлийг олоход амархан байв. Зүгээр л хэрэглээд л үзчихье? Сүүлийн үед энэ аргыг маш үр дүнтэй юм байна гэдгийг мэдрээд байгаа. Ямар сан, framework ашиглах вэ? Ямар програмын хэл ашиглах вэ? Яагаад зүгээр л хэрэглээд үзчихэж болохгүй гэж? Эцсийн хариулт бол чиний асуудлыг шийдэж байвал бусад нь тийм ч их сонин биш. PHP дээр хийчихье гэж үү? React-аас Vue нь гоё шдээ? Java одоо хоцрогдчихоогүй юм уу? Иймэрхүү асуулт тавьж байхын оронд зүгээр л яг одооноос хийж эхлээд, эртхэн ажлаа дуусгаад гэртээ харьцгааяаа.


Эхний сонголт бол мэдээж Ubuntu! ubuntu.com-руу явж ороод шууд л 20.04 хувилбарыг татаад суулгачихав. Өмнө нь Ubuntu хэрэглэдэг байсан ч яг үндсэн Gnome суурьтайг хэрэглэдэггүй байсан юм. Учир нь энэ хувилбар нь Windows-оос ч илүү ачаалал өгдөг юм билээ. Gnome суурьтай гэдэг нь дэлгэцийн харагдах байдлыг зохицуулдаг програм хангамж гэх юм уу даа. Жишээлбэл Windows XP, Windows 7 хоёр арай өөр харагддаг шиг. Харин арай бага ачаалал өгдөг Xubuntu хувилбар бол тасархай! Pentium 4 дээр ч сүнгэнэ. Даанч нээх үзэж хараад байхаар гоё биш. Энэ удаад Gnome ачаалал асуудал биш гэж үзсэн тул default Ubuntu-г сонгов. Chrome оруулаад дээш доош гүйлгэхэд хэдэн милисекундын хоцролттой байгааг анзаарав. Мөн дээрээс нь хамгийн том асуудал болох User Experience нэг л хангалтгүй байв. Юмнуудруугаа дарж орох, хажуу талд байгаа цэсний байрлал нтр гээд л.. нэг л тийм сэтгэл ханамжгүй. Програмист хүний хамгийн том дайсан болох "Performance" тааруу гэсэн шалтгаанаар Ubuntu хасагдав!

Хоёр дахь сонголт нь Linux Mint байв. Mint нь Ubuntu суурьтай бөгөөд хальт гүүглэдэхэд хамгийн дээр гарч ирдэг сонголтуудын нэг юм. Windows үйлдлийн системээс шилжин ирэгсдэд хамгийн тохиромжтой үйлдлийн систем ч гэх.. Харамсалтай нь laptop-руугаа нэмж залгадаг дэлгэцээ ажиллуулах гээд огт барсангүй. Энийгээ ч ажиллуулж чадахгүй байсан тул цааш ноцолдох сонирхол төрсөнгүй, next!

Дараагийн нэг гайхалтай сонголт бол MX Linux. Энэ нь Debian болон AntiX Linux үйлдлийн системүүд дээр суурилсан бөгөөд маш хөнгөн, сайн ажилладагаараа алдартай. Дээр дурдсан Xubuntu шиг Xfce дэлгэцийн програм ашиглах боловч өнгө үзэмж хамаагүй сайтай. MX Linux хэрэглэхэд ер нь янз бүрийн зовлонгүй, сайн үйлдлийн систем. Даанч нэг энгийн юман дээр бүдэрчихсэн нь анх үйлдлийн системээ суулгахдаа аль график картаа ашиглах вэ гэсэн сонголт гарч ирсэн юм. Тэрэн дээр нь onboard GPU болон dedicated GPU 2 соннголт байх бөгөөд dedicated GPU-гээ сонгосон чинь onboard GPU маань ажиллахаа больчихсон бөгөөд HDMI-р залгасан нэмэлт дэлгэц маань ажиллаад laptop-н маань дэлгэц орж ирдэггүй ээ.. Хэсэг гүүглэдээд бараагүй тул дахиад шинээр суулгаад үзэхээр шийдэв. Энэ удаад харин хоёр график картныхаа алийг нь ч сонголгүйгээр шууд ENTER дарчихая гэж бодоод зүтгүүлтэл default-аараа onboard GPU-гээ авчих нь тэр. Ингээд цааш яг л өмнөхийн адилаар HDMI-аар залгадаг дэлгэц маань орж ирэхээ больчихов. Энэ жижигхээн асуудал дээр яалт ч үгүй таг гацчихсан тул цааш дахин нэг удаа өөр үйлдлийн систем сонгох шаардлагатай болов..

Ингээд дараагийн үйлдлийн системээр Pop!_OS-ийг сонгов. Энэ нэрийг өмнө нь харж байсан ч нэрнээс нь авахуулаад хүүхдийн гэмээр байсан тул сайн судлаагүй юм. Энэ удаад ubuntu/debian суурьтай үйлдлийн системүүдийн сонголт ингээд бараг дуусч байсан тул сонирхоод үзэхээр шийдэв. Хэрвээ энэ бүтэхгүй бол ArchLinux суурьтай Manjaro-руу шагайна гэж бодож байлаа. Өмнө нь ArchLinux хэрэглээд тийм ч амжилттай байгаагүй учир энэ удаад жагсаалтын ардуур байсан юм. Харин гайхалтай гэмээр үйл явдал болж Pop_OS дээр бүх зүйл хэвийн ажиллаж байна. Ганцхан алдаа байсан нь дэлгэцийн дүрслэлээ тохируулдаг Displays програм дээрх HiDPI Daemon-г унтраахгүй бол дэлгэцийн тохиргоо минь хадгалагдахгүй байсан юм. Үүнийг гүүглээс олж мэдсэний дараа энэхүү үйлдлийн системтэй нягт харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэж, цаашид хамтран ажиллах чиглэл өгөв. NVIDIA graphic cart-ны driver нь цаанаасаа суучихсан ирэх бөгөөд нэгэнт ажиллуулаад суулгасан бол өөр ямар нэгэн тохиргоо хийх ямар ч шаардлагагүй.

Ингээд шинэхэн найзаа олсон тул өөрийн хэрэглээний гэх хэдэн програмуудаа суулгаж эхлэв. Үүнд:

  • VSCode
  • Zoom
  • Slack
  • Terminator (terminal emulator on Linux, Windows Terminal-н орыг залгамжлагч)
  • Zsh + Starship + Plugins
  • Authy (Two Factor Authenticator)
  • Web browser

Дэлгэцийн програмуудаас энэ хэдийг л эхний ээлжинд ашиглах бөгөөд үлдсэн нь дандаа command line-аар ажиллуулдаг програмууд тул үйлдлийн систем солих үед ямар нэгэн асуудал гарахгүй.

Энд хүрээд хэсэгтээ энэ үйлдлийн системээ хэрэглэхээр болж байна. Хэрвээ та ч бас шинэ үйлдлийн систем туршиж үзмээр санагдвал дээр дурдагдсан үйлдлийн системүүдээс туршиж үзээд дуртайгаа хэрэглэж болно. Гол шаардлага нь зөвхөн Windows дээр ажилладаг програмууд хэрэглэдэггүй л бол өнөөдөр Линукс үйлдлийн системийг сонгоход буруудах зүйлгүй гэдгийг та бүхэнд хэлэх гэсэн юм. Хэдэн жилийн өмнө Линукс суулгахаар компьютерийн дуу нь ч гардаггүй байлаа шдээ 🤣