Google Cloud дээр үнэгүй сервертэй болсон нь

Та бүхэн AWS-н free tier (үнэгүй үе?? 😂)-ийг сайн мэдэх байх. Энэ нь хэрэглэгчдийг татах маш үр дүнтэй маркетингийн арга юм. Бүтэн жилийн турш танд үнэгүй сервер, цаашлаад маш олон үйлчилгээнээс үнэгүй ашиглах эрх, мөн түүгээр зогсохгүй "байнга үнэгүй" гэх бас нэгэн бүлэг байх бөгөөд үүнд 25GB DynamoDB, 1 сая хандалт үнэгүй Lambda функцууд гэх мэт маш олон гайхалтай үйлчилгээ багтдаг. Энэ бүгдийг нь ашиглаад багахаан үүлэн дээр суурилсан апп ажиллуулж болмоор. Харин өнөөдөр энэхүү "free tier" гэх ойлголт нь Үүлэн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хоорондоо өрсөлдөх бас нэгэн хэмжүүр болжээ. AWS-тэй өрсөлдөхийн тулд GCP (Google Cloud Provider)-н ихээхэн мөнгө хаяж байгаа нэгэн салбар бол "free tier" юм. AWS-н хувьд шинэ хэрэглэгчдэд эхний нэг жил үнэгүй сервер өгөөд цааш төлбөр нэхэмжлэх бол GCP-н хувьд үнэгүй серверийг хүссэн хугацаагаар ашиглах боломжтой ажээ. Энэхүү холбоосоор орж байнга үнэгүй үйлчилгээний жагсаалтыг харна уу. Үүнд ML, AI-н төрлийн олон үйлчилгээнүүд байхаас гадна e2-micro (2vCPU, 1GB RAM) бүлгийн серверийг байнга ашиглах эрх багтана. Яг одоо таны уншиж байгаа энэхүү блог хүртэл тэрхүү сервер дээр ажиллаж байна. Мөн AWS-н "эхний 1 жил үнэгүй" гэдэгтэй адил GCP-н хувьд эхний 3н сар ашиглаж болох 300$-н эрх өгнө. GCP хэрэглэж эхэлж буй хүмүүст энэ нь ихэнх үйлчилгээг нь туршихад хангалттай.

Мөн AWS, GCP-тэй ана мана өрсөлдөж буй Microsoft Azure-н хувьд эхний 30 хоногт ашиглах 200$-н эрх, эхний 1 жилд үнэгүй ашиглах үйлчилгээнүүдээс гадна байнга үнэгүй багц бас бий. Azure-н үнэгүй үйлчилгээний жагсаалтыг эндээс..

Дараагийн бас нэгэн томоохон үүлэн үйлчилгээ үзүүлэгч болох Oracle Cloud нь 0.25/1 CPU, 1GB RAM-тай сервер 2ш, 200GB Disk, 24GB рамтай ARM architecture CPU-тэй сервер гэх мэт хамаагүй өгөөмөр багцийг шинэ хэрэглэгчиддээ санал болгож байна.

Энэхүү үнэгүй багцуудаар дамжуулан үүлэн үйлчилгээ үзүүлэгч компаниуд шинэ хэрэглэгчдээ татах маркетингдаа хэр их зардал гаргаж байгааг харж болно. Харин эдгээр акулуудын дэргэд харьцангуй жижиг компани болох DigitalOcean-ы хувьд 60 хоногийн турш ашиглаж болох 100$-н эрх өгч байна.

src

Бонус болгоод хэдүүлээ аль клауд хэрэглэдгээ сонжъё.